Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар ангийн төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагч нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах арга хэмжээг тус ангийн сургалтын танхимд зохион байгуулав. Харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 41-55 дугаар зүйлийг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Онцгой байдлын байгууллагад алба хаах журам болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд ажил олгогчийн эрх үүрэг, ажилтны эрх үүргийг тухайн гэрээнд тус тус тодорхой тусгасан байна.

Ар талын 115 дугаар ангийн Штабын дарга, хурандаа Ш.Мэндсайхан, Төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа З.Батгэрэл, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Очбадрал нар, 2022 онд хамтран ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нийт ажилтан, албан хаагч нарт хандаж сахилга, хариуцлага, дэг журмыг чандлан сахих, харуул манааны үүрэг гүйцэтгэх алба хаагч нар сонор сэрэмжээ дээшлүүлэх, ажлын алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэлийг өгөөд ажил олгогч байгууллагын зүгээс гэрээний үүргийг биелүүлэх, нөгөө талаас ажилтнуудын хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр дээшлүүлэх шаардлагатайг цохон тэмдэглээд ажлын өндөр амжилт хүслээ.




