Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гаргасан. Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох, сурталчлан таниулж ирсэн билээ. Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар энэ сарын 24-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургуулийг зохион байгуулах юм. Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
