Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 18-нд Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.
Мөн өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэх тул:
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх_
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа тул малчид, ард иргэд мал төллөх үед анхааралтай байж, нарийвчилсан цаг агаарын мэдээгээ тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Энэ сард ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай байгаа ба ялангуяа говь талын нутгаар хур тунадас багатай, агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаагаас шалтгаалан хуурайшилт ихтэй байх магадлалтай байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байж, аялал зугаалганд явахдаа цог нурмыг бүрэн унтрааж, гал алдахаас сэргийлэн, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн салхи шуурга ихтэй байх тул уул модонд явахдаа хачигнаас хамгаалан битүү хувцас өмсөж, мал ахуйгаа салхинд уруудуулахгүй байх дээр анхаарна уу.